Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Авилга яагаад алга болохгүй байна гэж үү?
2010 оны 11 сарын 1 [Уншсан тоо: 15337]
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос зарим нэг төрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол нэг хийсэн дээ. Гэмгүй шударга төрийн албан хаагчдыг авчирч бүлтэгнүүлсэн гээд харин ч зохион байгуулсан Х.Тэмүүжин нарын хэдэн гишүүд бараг буруутаагүй юу. Мэдээж авилгатай хамгийн их “найзалдаг” томчууд нь ирээгүй л дээ, үнэн. Магадгүй, жижигхэн жараахайнууд нь ирж цаг барсан ч байх, үр дүн муутай ч болсон байх, өвдөж зовсон бүсгүйчүүдийн нүүрийг улалзуулсан ч байх. Гэхдээ яадаг ч байсан биелүүлэх ёстой хуулиа биелүүлээгүй тэдний буруу байсан. Ямар ч байсан авилгын эсрэг байгаагаа илэрхийлж сонсголыг зохион байгуулсан нь залуу гишүүдийн зөв байсан юм.

Оросын түүхч Николай Карамзины “Орост сонин юу байна гэж үү? Хулгайлж л байх шив дээ” гэж хэлсэн алдарт үг бий. Тэгвэл мөн миний монголоор сонин юу байна гэж үү, бас л хулгайлж л байх шив дээ. Хэн хулгайлж байна гэж үү, за бараг бүгдээрээ дээ. Яагаад бүгдээрээ гэж, хэдэн муусайн авилгачид л хулгайлаад бусад нь дээрэмдүүлж байгаа биз дээ? Бараг тийм, гэхдээ бид тэдэнд хулгай хийх бололцоог нь бий болгож тусалж байгаа юм.

“Авилга хэмээх зүйл Монголд байдаг уу?” гээд захын хүнээс асууя. Уг нь байхгүй гэж хэлж байгаа хүн нэг ч байхгүй. Харин байгуулагдаад хэдэн жилийн нүүр үзсэн авилгатай тэмцэх байгууллагын ажиллаж байгаа царайг харвал Монголд авилга байхгүй юм шиг. Тэд авилгачдыг олон ч жил хайлаа, олсонгүй. Хаа байна тэр авилгачид? Хүмүүсийн хэлэх нь маш их байгаа юм шиг. Байгаа хэмээн хэлж байгаа хүмүүсийн зөв бөгөөд авилга манайд соёолох дараах хэдэн хөрс суурь байх шиг байна.

Монгол бол харьцангуй жижигхэн орон, найз нөхөд танил талын хүрээгээрээ аливаа ажлаа амжуулдаг, тэр хэрээрээ маш их холбоо сүлбээ сайтай. Тэнд миний нэг танил авилга авна, эсвэл авсан дуулдана, гэнэт баяжина, санхүүгийн эрх чөлөөнд гэрлийн хурдаар хүрнэ, зарим тохиолдолд өгч авалцаж байгааг нь харах завшаан ч тохиолдоно, магадгүй би зарим нэг хүнд нь авилга өгнө. Нийгмийн амьдралд идэвхтэй оролцож байгаа хүн бүрт л энэ явдал тохиолдоно. Шударга байлаа гээд аав ээжээ, ах дүүгээ, найз нөхдөө тэр байгууллагад нь барьж өгөлтэй биш дээ. Гэхдээ яахав, авилга авсныг нь мэдэж байгаа ч аваагүй юм шиг царайлаад худлаа ярихыг нь харах нь ядаж хөгжилтэй.

Хууль нь ч угаасаа авилгалыг хаацайлсан шинжтэй, өгсөн авсан хоёулаа буруутдаг гээ биз дээ. Зүй нь миний өмнө хүнд суртал гаргаад авилга нэхээд гар дагуулж хараад байгаа тэр албан тушаалтныг албаар “унагах” гэж мөнгө атгуулаад тэр даруйд нь авилгатай тэмцдэг нөхдийг дуудаад бариулчихаж болдог байж болноо доо. Хүнийг матах муухай ч зөв юмны төлөө яагаад болохгүй гэж, ийм юманд хүн чанар энэ тэр ярих хэрэг байна уу. Авилга аваад баригдсан тэр хүний л хохь болох ёстой.

Мөн манай төрийн ажил үйлчилгээ, бараа материал худалдан авах үйл ажиллагаа, лиценз, тендэр, зөвшөөрөл хэмээх бөөн хар дараа, бөөн хүнд суртал, бөөн үл ойлгогдох, бөөн хаалттай зүйл байх. Ном ёсоор нь хөөцөлдөөд бүтдэг ч юм уу, бүтээх гэж явбал нас ч хүрэх юм уу. Хүний амьдрал, бизнес гэдэг цаг нартай, хугацаатай зүйл. Бөөн хар төвөг, чирэгдлийг хүлээж суухаар хэдэн төгрөг атгуулаад ажлаа бүтээчих нь бараг дээр ч юм шиг. Бизнесийн хөгжил болоод ажил хэрэгч хүмүүст тэр олон үл бүтэх лиценз зөвшөөрөл нь чөдөр тушаа болоод, авилга нь харин ч тус болоод байгаа бололтой харагддаг. Эдгээр тогтолцоо маань өөрөө авилгыг өөгшүүлсээр байна. Тэгээд ч бид өөрсдөө тэр өгч байгаа мөнгөө авилга гэдэггүй “сэтгэлийн юм” гэдэг. Өгөхдөө хүртэл “За та буруугаар битгий бодоорой, авилга биш юм шүү” энэ тэр гэж аятайхнаар тайлбарладаг юм. Бид бүгдээрээ авилгыг өөгшүүлэгчид, дэмжигчид билээ. Дунд сургуулийн хүүхдийн эцэг эхээс мөнгө шантаажлагчид, амь гуйн эмнэлэг бараадсан өвчтөнөөс эцсийн зоосыг нь ч хуу хаман дээрэмдэгчид төсвөөс хулгайлаагүй хэмээн өөрсдийгөө зөвтгөх хэдий ч нийгэмд буруу жишиг тогтоох, авилгын үрийг тарьж байгаагаараа бас л авилгын найз нар мөн.

Нөгөө талаас авилга авч хулгай хийж байгаагаа хэнийг ч хохироогоогүй, яахав улсын төсвөөс л хэдэн төгрөг шууж байгаа гэсэн ойлголт байдаг. Үгүй ээ, өнгөн дээрээ ийм ч маш олон зүйлээр хохирч байгаа юм. Авилга авч төсвөөс хэдэн төгрөг хусаж байгаа хүний хажууд халаасны хулгайчид, жижиг гарын дээрэмчид, хээр хэвтэх олсны үзүүрээс атгаад алхаж яваа малын хулгайчид бол бараг гэмгүй хүмүүс. Авилга бол үнэндээ хулгайгаас долоон дор, бараг хүн алснаас ч илүү гэмт хэрэг юм шиг. Тэр хулгайлсан мөнгөөр нь хэдэн ч хүн гэр оронтой болж чадалгүй, хэдэн ч хүн хоол унд, ажлын байргүй тэнэж явсаар үхэж үрэгдэж байгаа юм, бүү мэд шүү дээ. Авилгачийн хулгайлсан мөнгөөр дутаад идэх хоол, өмсөх хувцасгүй яваа хүн нийгмээ үзэн ядаад авилгачийн өөрийнх нь хүүхдийг ч алж болох. Гудамжаар дүүрэн энэ олон ядуу хүмүүс бол манай дарга нарын авилгалын ургац, үр юм. Яахав өөрийнхөө арчаагүйгээс ядуу явж байгаа нь их хэдий ч нийгмийн шударга бус явдлын золиос болж нийгэмд гадуурхагсад бүүр их байна. Алуурчин нэг хүний амийг хөнөөж байгаа бол, авилгачид нэлээн олон хүн “алж” байна.

Эрдэнэтийг идлээ л гэнэ, гааль тэглээ л гэнэ, УИХ-ын гишүүд, сайд дарга нар тэр ордоос тэгэж хүртлээ, ямар заваан юм бэ, паах гээд л бид залхтал ярьдаг. Ингэхэд хэн нэгний юуг нь долоон барин, тэр их мөнгийг төлөн төлөн яах гэж мөнгөний эрх мэдэлтэй ажилд очихыг тэмүүлдэг юм бэ? Төрийн төлөө, өөрсдийнх нь хэлдэгээр ард түмэн миний төлөө биш шүү дээ. Хулгайлах л зорилготой тэр ажлуудад очдог. Ийм байхад шударга ажиллахыг тэднээс шаардах нь илүүц биз дээ.

    Авилгатай тэмцэх байгууллага байгуулаад нэлээн хэдэн жил боллоо. Хөрөнгө оруулгын мэдүүлэг, телевизээр та бүү авилга ав гэсхийгээд соён гэгээрүүлэх энэ тэр гээд л. Цаашдаа ч энэ байгууллага иймэрхүү л байх болов уу. Өндөр хөгжилтэй зарим нэг орныг ийм байгууллага байгуулаад авилгагүй болсон гэж ярьдаг. Тийм байгууллагаас болоод авилгагүй цэцэглэн хөгжчихөв үү, эсвэл эдийн засаг нь үсрэнгүй хөгжөөд хүмүүс нь баян болохын хэрээр авилгагүй улс болчихов уу гэдгийг бид ярьдаггүй.

    Манайхны нэг хэсэг нь авилгын эсрэг тэмцчих монголын хамгийн шударга хүнийг олоод даргаар нь тавьчихвал болох мэт ярьдаг. Тэр шударга нь хүн нь ч тэгээд хэн юм, ерөөс тийм шударга хүн гэж энэ дэлхийд байдаг ч юм уу бүү мэд, ганц байдаг бол тэр нь манай Нямдорж гуай л байж магадгүй. Бас нэг хэсэг хүмүүс авилга авсан хүмүүсийг шонд дүүжилж шоронд хатаах тухай ярьдаг. Бүгдээрээ энэ заваан юмандаа их бага хэмжээгээр хутгалдчихаад байж хэнийгээ шоронд хорьж, шонд дүүжлэх вэ? Нэг талд нь бөөн нүгэлт авилгачид, нөгөө талд нь бөөн ариун амьтад байгаа биш шүү дээ.

Тэгэхээр авилгыг зохиомлоор бий болгоод байгаа төрийн энэ олон ядаргаатай шат дамжилга, хүнд суртлаа багасгаж эдийн засгийг хөгжүүлж хүмүүсээ баяжуулах нь авилгатай тэмцэх хамгийн зөв арга зам болов уу. Хүн хэвийн сайхан амьдрахад тийм ч их мөнгө хэрэггүй шүү дээ. Харин нэг бүү хэл нэлээн хэдэн үедээ барахгүй мөнгө хөрөнгө хулгайлагчид маань хүн яагаад ч 1000 насалдаггүй гэдэг үнэнтэй л эвлэрээсэй билээ.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив